Найруулагч Денис Вильнёвийн “Dune” киноны гурав дахь анги болох “Dune: Part Three”-ийн шинэ трэйлер цацагдлаа. Кино 2026 оны арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийхээр төлөвлөгджээ.
Өмнөх ангиудад баатар болон дүрслэгдэж байсан Пол Атрэйдис энэ удаад өөрийн эрх мэдэл, гаргасан шийдвэрийнхээ үр дагавартай нүүр тулах юм.
Тус кино нь Фрэнк Хербертийн 1969 онд хэвлэгдсэн “Элсэн манхны аврагч” романаас сэдэвлэсэн бөгөөд “Dune: Part Two”-ын үйл явдлаас ойролцоогоор 17 жилийн дараах ертөнцийг харуулна. Пол эзэнт гүрнийхээ хаан болсон ч түүний удирдлага дор олон ертөнц сүйрч, өмнөх холбоотнууд нь хүртэл түүний үйлдлийг эсэргүүцэж эхэлжээ.
Шинэ ангид
Шинэ трэйлерийн онцлох хэсэгт Жейсон Момоагийн бүтээсэн Дункан Айдахо Полд “Чи аврагдах аргагүй хэмжээнд хүрчээ” хэмээн хэлдэг. Мөн Зендаяагийн бүтээсэн Чани Полыг өөрийн нэрийн өмнөөс эрх мэдэл ашиглахгүй гэж амласан үгэндээ хүрээгүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлнэ. Эдгээр хэсэг нь киноны гол зөрчил эрх мэдлийн төлөөх тэмцэл бус, итгэлцэл болон түүний үр дагаварт төвлөрөхийг харуулж байна.
Кинонд Тимоти Шаламе, Зендея, Флоренс Пью, Жейсон Момоа, Хавьер Бардем, Аня Тейлор-Жой нар дүрээ үргэлжлүүлэн бүтээх бол Роберт Паттинсон шинэ дүр болох Скайтейлээр /Scytale/ жүжигчдийн бүрэлдэхүүнд нэгдэж байна. Трэйлерт Флоренс Пьюийн дүр үнж Ирулан болон Скайтейл нарын нууц төлөвлөгөөний талаар ярилцаж буй хэсэг ч багтжээ.
“Dune” цувралын нэг сонирхолтой тал нь найруулгын түүхээ сансар огторгуйн тулаан, гайхалтай технологиор хязгаарладаггүйд байдаг. Фрэнк Хербертийн зохиолууд эрх мэдэл, шашны итгэл үнэмшил, олон нийтийн шүтээн болсон удирдагчдыг сохроор дагахын аюулыг хөнддөг. Тимоти Шаламе ч Полын түүхийг энгийн баатрын түүх бус, эрх мэдэлтэй удирдагчдад хэт итгэхийн үр дагаврыг харуулсан бүтээл гэж тайлбарлажээ.
Киног бодитой мэт мэдрүүлэхэд зураг авалтын байршил чухал үүрэгтэй. Тиймээс энэ удаал Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби дахь Ливагийн цөл нь цувралын Арракис гарагийг дүрслэхэд ашиглагдсан бөгөөд элсэн манхан бүхий өвөрмөц байгаль нь “Dune” киноны танигдахуйц дүр төрхийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулжээ.


“Dune” болон “Dune: Part Two” кинонууд нийтдээ 1.1 тэрбум гаруй ам.долларын орлого олж, нийт найман Оскарын шагнал хүртсэн амжилттай бүтээлүүд юм. Денис Вильнёвийн найруулж буй “Dune: Part Three” нь гурван ангит киноны түүхийг төгсгөх бүтээл бөгөөд Пол Атрейдесийн эрх мэдлийн үнэ цэнэ, хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээх хариуцлага, эзэнт гүрнийхээ ирээдүйтэй хэрхэн нүүр тулахыг харуулах хүлээлттэй байна.
Эх сурвалж: Deadline



210











